Захирлын мэндчилгээ
Захирал Ц.Даваадорж

2023 онд БИД 37 төрлийн 276 ажил хэрэгжүүлсэн. Нийт төлөвлөсөн ажлын биелэлт 100.7% боллоо.

Төвийн нийт ажиллагсдын дундаж цалин 2.1 сая төгрөгт хүрсэн нь Монгол улсын дундаж цалингаас өндөр байгаа юм. Гэвч улсын хэмжээгээр инфляци 9.4%-тай гарсан нь бодит цалин буурахад хүрсэн юм.

Ажиллагсдын тоонд ч өөрчлөлт гарсан. Өмнө батлагдсан боловч орон тоо эзгүй байсан ерөнхий менежерийн албан тушаалд Батдэлгэр багшийг сонгон шалгаруулж, 40%-ийн цалинтай ажиллуулах болов. Баярмаа нь ЖАЙКА-гийн тэтгэлэгээр, Япон улсад суралцаж, төгсөөд ажилдаа буцаж ирсэн. 

Санхүүгийн байдал ч хэвийн үйл ажиллагааг явуулах боломж олгож байна. 2023 оны төлөвлөгөөт орлогыг 9.2%-иар давуулж, зарлагаа 2.1%-иар хэмнэж чадлаа. Япон улсын ЖАЙКА байгууллага болон Япон сангийн дэмжлэг урьдын адил үргэлжилж байна. Жилийн нийт төсвийн 30 орчим хувийг дээрх 2 байгууллагын санхүүжилт эзэлж байна. 2023 оны төвийн дулаан, цахилгаан, усны төлбөр болох тогтмол зардлын ихэнх хэсгийг БШУЯ-ны төсвөөс санхүүжүүлсэн нь томоохон дэмжлэг болсон юм. Төвийн жилийн төсвийн 2%-тай тэнцэх 32 сая төгрөгийн санхүүжилтийг БШУЯ-наас олгосон.

2023 оны дэлгэрэнгүй тайланг энэ товхимолоос танилцах боломжтой. Энэ жилийн тайланг өмнө жилийн нэгэн адил цахим хэлбэрээр гаргаж байна.  

 Бидний үйл ажиллагааг ямагт дэмжиж, тусалж байдаг хамтран ажиллагч Японы болон Монголын бүх байгууллага, хувь хүмүүст халуун талархлаа дахин дахин илэрхийлье. Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа байгаа учраас манай төвийн үйл ажиллагаа үргэлж урагш ахиж, амжилт дүүрэн байдаг.

Манай хамт олон ч цаашид ихээр хичээн, өөрсдийн чадвар, мэдлэгээ бүрэн дайчлан ажиллах болно. Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааг амжилттай болгон, төвийнхөө нэр хүндийг өндөрт өргөн явахаа амлаж байна.

Монголын ирээдүйг гэрэлтэй, гэгээлэг болгохын төлөө МЯТ-ийн хамт олон ажил үүргийнхээ хүрээнд бүхнийг хийх болно. Бүх хүмүүст сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баярлалаа

                                                                                                                       Захирал: 

                                                                                                                        Ц.Даваадорж